Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ЯВГАН ЗАМЫН ХҮРЭЛЦЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.

2025-08-01

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны “Хатан туул” хотхон, “Дрийм ланд” хотхонууд нь эдэлбэр газраа дур мэдэн хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 07 сарын 27-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан тус байршил дээр хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга, зарим оршин суугчдын төлөөлөлтэй уулзсан. Хяналт шалгалтын талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр: Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайн ажлын хүрээнд Хан-уул дүүргийн 22 дугаар хорооны Хатан туул, Дрийм ланд хотхонуудад шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд эдэлбэр газраа 10 метр хэтрүүлэн хашаалж, явган замыг нарийсгасан зөрчил илэрсэн. Тухайн зөрчилд Хяналт шалгалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас хугацаатай үүрэг даалгавар өгч, хашааг татуулан явган замыг 2 метр хүртэл нэмж өргөсгөж, зөрчлийг арилгуулан, нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэхээр ажиллаж байна. Мөн цаашид зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэр газар дээр барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгахаар ажиллах юм байна. Тиймээс иргэдийн эрх ашгийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар дээр стандарт, норм зөрчсөн, зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан хашааг буулган зөрчлийг арилгаж, явган хүний замыг өргөсгөж барих боломжийг бүрдүүлэх хугацаатай мэдэгдлийг тус хотхоны сууц өмчлөгчдийн холбоонд өглөө