Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДОД - Орчны тохижилт, аюулгүй байдлыг хангах мэдэгдэл хүргүүлэх тухай

2024-11-04

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 20202024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

    Тус газраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, норм, стандартын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн гадна, дотор орчинд норм дүрэм стандартыг мөрдөөгүй, орчны аюулгүй байдлын эрсдэл учруулахуйц зөрчил ихээр илэрч байна.

    "Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэж заасан.

    Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

    1.Хог хаягдлын тухай хууль, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулж, орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх;

   2.Ашиглаж буй барилга байгууламжийнхаа дээврийн болон ус зайлуулах системээр урссан хурын ус нийтийн эзэмшлийн буюу явган зорчигчийн зам талбайд мөстөлт үүсгэж, иргэдийн гэмтэл учруулах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, мөс тогтсон тохиолдолд шуурхай арилгаж байх;

   3.Орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, цугларсан хог хаягдлыг тухай бүрд гэрээ байгуулсан байгууллагаар ачуулж байх;

   4.Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага UCS1202B:2022 хотын стандартын хүрээнд байгууллагын хаягийг стандартад нийцүүлэх, гэрэлтүүлэг, гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулан, галд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай материалаар шинэчлэн засварлах, сэргээн будаж, засвар, арчилгааг тухай бүр хийж нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулах;

    5.Барилга байгууламжийн гадна болон дотор орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан налуу зам /пандус/, бариул, хөтөч зам, авто зогсоол, ариун цэврийн өрөө зэргийг хийх;

   6.Хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн ангилан ялгах тэмдэг бүхий хог хаягдлыг цуглуулах зориулалтын хогны савыг зөвшөөрөгдсөн байршилд байршуулах;

   7.Лифтний засвар, техник үйлчилгээг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, лифтний ажиллагаанд хяналт тавьж, техникийн ээлжит магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийлгэж, техникийн байдлыг тодорхойлж, илэрсэн зөрчлийг арилгаж, лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах;

   8.Өөрийн эзэмшилд хамаарах хашаа, хайсны бүрэн бүтэн байдлыг хангаж, эвдрэлийг засах замаар эрүүл, орчны аюулгүй байдлыг сайжруулах;

   9.Эвдэрч гэмтсэн талбай, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, аюулгүй байдлыг хангах;

   10.Нийтийн эзэмшлийн зам талбайн зорчих хэсгийн орц гарцыг нээж иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх;

   11.Өөрийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хангуулж, ил задгай кабелийг далдлах, хазайсан гэрлийн шон, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэж аюулгүй байдлыг хангуулах;

   12.Гадна авто зогсоолыг хотын стандартын дагуу тохижуулж, төлбөртэй зогсоол ажиллуулж буй тохиолдолд эрх бүхий байгууллага болох Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-тай гэрээ байгуулан ажиллах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй”-ийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана уу.

   Иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлоор дээрх зөрчил дутагдал илэрвэл Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг тооцох ба 2025 оны урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад мэдэгдэлд дурдсан дээрх асуудлуудаар хяналт шалгалт хийгдэхийг мэдэгдье.

   Хувийг: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, дүүргүүдийн Засаг дарга нарт.