Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ГАДНА ХАЯГИЙН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ

2026-03-20

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах арга хэмжээг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. 

"Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 хувь нь стандартын шаардлага хангаагүй бөгөөд ихэнх нь гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг хангахгүй байгаа зөрчлүүд байна. Хяналт шалгалтын газраас 2022 онд батлагдсан гадна хаягийн хотын стандартын шаардлагуудыг хангуулахаар аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна."

Стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадын 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг МОНГОЛ ХЭЛЭЭР бичиж байршуулна гэж тусгасан байдаг.

Уг стандартын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа

 “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил ихэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдсэн байгаа ба бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг зөвлөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот байгуулалт, хотын стандартын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж, зөрчлийг арилгахаар эхний ээлжид төвийн 6 дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон жишиг хаягийн шинэчлэлтийг хийх ажлыг эхлүүлээд байна. 

Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.