Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИГДАЖ БУЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖУУДАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2026-03-23

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас “Нийслэлийн хэмжээнд шинээр баригдаж буй барилга байгууламж, орчны аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх тухай” удирдамжийн хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах, эрсдэл аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилга байгууламжийн техникийн шаардлагыг хангуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, барилга, байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. 

          Дээрх арга хэмжээний хүрээнд улсын /ахлах/ байцаагчид шалгалтад хамрагдаж буй иргэн, хуулийн этгээдэд “Барилгын угсралт, техникийн аюулгүй байдлыг хангах, эргийн хамгаалалт хийх тухай”, “Барилгын угсралтын үеийн талбайн хог хаягдал, орчны ариун цэврийг хангуулах тухай”, “Орчны тохижилт, аюулгүй байдлыг хангуулах тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилга байгууламжид тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангуулах тухай”, “Өргөх байгууламжийн аюулгүй байдлыг хангуулах тухай” гэх мэт 5 төрлийн зөвлөмжүүдийг хүргүүлэхийн зэрэгцээ шаардлагатай орчны аюулгүй байдлыг хангуулах, гадна түр хашааны стандартыг хангуулах, барилгаас гарах том оврын автомашины дугуйг угаах зэрэг мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. 

        Иргэд та бүхэн өөрийн оршин сууж буй орчин тойронд аюулгүй байдал алдагдсан зөрчил дутагдалтай барилга, байгууламжийн талаар мэдээллийг тус газарт хандан ирүүлэх боломжтой. Тодруулах утас: 70118040-2

        Хяналт шалгалт үргэлжилж байна.