Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмж

2025-01-09

      Нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчаас “ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах” үүрэг өгсөн, мөн Салбарын хяналтаар өмнөх жилүүдэд хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нар нь орон сууц, албан контор, ажлын байрандаа засвар үйлчилгээ хийх явцад барилгын даацын болон тусгаарлах хануудыг нүхлэх /хаалга, цонх, шат гаргадаг/ буулгах, өрөө тасалгааны төлөвлөлтийг өөрчилж талбайн хэмжээг томруулах, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж угсрах зэргээс шалтгаалан тэдгээрийн үндсэн хийц, бүтээцэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсэж, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг бууруулж, улмаар ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа нь барилгын тухай хууль тогтоомж, норм, стандартын зөрчил буурахгүй байна.

   Иймд Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дор дурдсан Зөвлөмжийг хүргүүлж байна.

   1. Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхгүй байх.

   2. Барилга байгууламжийн гадна тохижилтын зам, талбай, засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх;

    3. Барилгын гадна тохижилтын засвар арчлалтыг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;

   4. Барилгын орчны тохижилт, гэрэлтүүлгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх, барилгын нүүр талыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэлийн ерөнхий архитектортай зөвшилцөж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;

    5. Төлөвлөгөөт бус үзлэгийг гал түймэр, аадар бороо, хүчтэй салхи, угалз, цасны нуранги, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл,үйлдвэрлэлийн ослын ул мөр арилаагүй үед барилга байгууламжийн хийц бүтээц, бүрдэл хэсэгт тухай бүр хийж байх;

   6. барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх;

   7. Барилга байгууламжийн зоорины давхарт хөрсний ус нэвчсэн тохиолдолд эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандаж, хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг авах;

   8.Барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд байнгын хяналт тавих;

   9. Барилгын үндсэн даацын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүссэн зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад хандаж инженерийн тооцоо судалгаа хийлгүүлэх, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авах;

   10. Барилга байгууламжид урсгал болон их засвар хийх ажлыг зохион байгуулж, засварын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр тоноглол, төхөөрөмж суурилуулж, үүссэн элэгдэл, гэмтлийг арилгаж ашиглалтын үеийн хэвийн ажиллагааг хангах;

   11. Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний /цахилгаан, харилцаа холбоо, дулаан, усан хангамж, ариутгах татуурга/ ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, осол гэмтэл гарсан тохиолдолд шалтгаан нөхцөлийг бүрэн тодорхойлж, түргэн шуурхай засварлаж хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, осол, аваарыг бүртгэж шугам сүлжээний ашиглалт хариуцсан байгууллага болон онцгой байдлын газар, Хяналт шалгалтын газарт яаралтай мэдэгдэх (Хүйтний улиралд хэрэглээ бага байхаас шалтгаалж хөлдөх эрсдэл үүсдэг тул цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалтын байдалд өдөр тутмын хяналт тавьж, осол гэмтлийн үед хангагч байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө авах, барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих;

   12. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын зураг төслийг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

   13. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажил гүйцэтгэхдээ “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-ний үндсэн дээр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтын гэрчилгээ авч, үйл ажиллагааг эхлүүлэх;

   14. Энэхүү дүрмийн 2.1-д заасан хугацаанд гарсан зөрчил, дутагдлыг тухайн барилга байгууламжийн гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч хамтран Барилгын тухай хуулийн 14.4, 14.7-д заасны дагуу үзлэг шалгалт хийсний үндсэн дээр тогтоох бөгөөд тэдгээрийн аль буруутай этгээд нь зөрчлийг арилгах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна.

   15. Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжид тавих шаардлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангуулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжилтэд хяналт тавих;

   16. Ашиглагч Барилгын тухай хуульд заасны дагуу 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулахаас гадна тухайн барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийн төрлөөс хамаарч ашиглалтын явцад техникийн үзлэг шалгалт явуулж, зохих засвар, үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулна;

   17. ерөнхий үзлэг шалгалтыг хавар, намрын улиралд тус бүр 1 удаа, тухайн барилга байгууламжийг ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтын хамт бүхэлд нь хамруулан хийнэ;

   18. Ашиглагч барилга байгууламжид хийсэн үзлэгээр илэрсэн эвдрэл гэмтлийг тухай бүр цаг алдахгүй арилгуулах арга хэмжээ авна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Хотын стандартыг хэрэгжүүлэн мөрдөх талаар:

   19. Хотын стандарт: UCS 0301В:2022 /Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага /-ыг хэрэгжүүлэх.

   20. Хотын стандарт: USC 1405В:2022 /Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага/-ыг хэрэгжүүлэх.

   21. Хотын стандарт: USC 1706А:2022 /Барилгын хог хаягдлын менежмент /-ыг хэрэгжүүлэх.

   22. Хотын стандарт: USC 1410В:2022 /Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага /-ыг хэрэгжүүлэх.

   Жич: Дээрх стандартыг Хотын стандарт, хяналтын газрын доорх https://inspection.ub.gov.mn/standards холбоосоор татаж, хэрэгжүүлнэ үү.

   Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар;


   23. амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт, зөвлөгөө авах;

   24.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

   25.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс арга зүйн туслалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах;

   26. барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;

   27.ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

   28.Барилга байгууламжийг ашиглалтад анх хүлээж авахдаа түүний талаарх үндсэн мэдээлэл, зураг төсөлд заагдсан бусад өгөгдлүүдийг захиалагч байгууллагаар хувийн хэрэгт нь бичүүлж, түүний үнэн зөвийг нягталж шалгах.

   29.Хуучин барилга байгууламжийн хувийн хэргийг нөхөж хөтлөхдөө тухайн барилга байгууламжийн батлагдсан зураг төсөл, холбогдох акт баримт, дүгнэлтийг үндэслэнэ. Хэрвээ газар хөдлөлтийг тэсвэрлэх арга хэмжээ зураг төсөлд нь тусгагдаагүй байвал тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагатай гэрээ байгуулан барилга байгууламж, түүний хийц бүтээцийн чанар байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулан газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг тогтоолгож, түүнийг үндэслэн холбогдох үзүүлэлтийг хувийн хэрэгт тодорхой тэмдэглэнэ.

    30. Барилга байгууламжийн эдэлгээний хугацаанд хийгдэх үзлэг, шалгалтыг "Барилга, байгууламжийн ашиглалтын дүрэм", "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм" БД 13-104-20 дүрэмд заасны дагуу гүйцэтгэж, хийгдсэн үзлэг, шалгалтын талаарх дүгнэлт, дэлгэрэнгүй материалыг холбогдох мэдээллийн хамт хувийн хэрэгт тэмдэглэж, хадгална. Түүнчлэн барилгын үндсэн хийц бүрд гүйцэтгэсэн үзлэг, хийц бүтээцийн чанар байдалд өгсөн үнэлгээний талаар бичиж тэмдэглэнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хууль, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг зөвлөж байна.